Модыг хэдэн сард тарих ёстой вэ?
Монголын нөхцөлд хавар дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 25-ны дотор модны нахиа задрахаас өмнө тарих нь тохиромжтой. Намрын цагт аравдугаар сарын 1-нээс арван нэгдүгээр сарын хооронд модны нахиа зангидаж, тайван байдалд шилжсэн үеэс тарьж болдог. Гэхдээ мод тарьж байгаа хүмүүс өөр өөрийн гэсэн туршлагатай учраас янз бүрийн цаг хугацааг сонгон тарих нь бий. Мод тарих хугацаа өнгөрчихсөн хойно тарьвал мод усаа шингээх чадваргүй болж ургалт нь удааширна. Харин бортоготой хамгаалагдсан хөрстэй суулгацыг зуны турш тарих боломжтой.
Модыг шилжүүлж суулгахдаа юунд анхаарах хэрэгтэй вэ?
Модыг шилжүүлэн суулгах нь тухайн модныхоо төрлөөс хамаарна. Тухайлбал, уулын ард сүүдэрт ургаж байсан модыг авчирч нар их тусдаг газар тарьж болохгүй. Хэрэв тэгвэл чийглэг, ус шингээх чанap нь алдагдаж улмаар ургалгүй үхэж мэднэ. Тэгэхээр мод шилжүүлэн суулгахдаа хэд хэдэн зүйлийг сайтар анхаарах ёстой. Нэгдүгээрт модоо зөв сонгох нь чухал. Модныхоо өндөр болон ишний диаметртэй харьцуулж, үндэсний тойргийг гаргах хэрэгтэй болдог. Өөрөөр хэлбэл, модны гол иш хэдий чинээ бүдүүн байна түүнтэй харьцуулж үндсийг шороотой нь хамт ухаж авна. Хамгийн гол нь тухайн модны үндсийг гэмтээлгүй авах хэрэгтэй. Том мод шилжүүлэн суулгалтыг уг нь 1-2 жил хийдэг юм. Эхний жил модны үндэсийг таслах үйл ажиллагаа явагдана. Дараа нь шилжүүлэлт хийдэг байх жишээтэй. Түүнээс биш модыг шууд ухаж авахад эрсдэлтэй.
Модыг яаж услах вэ?
Мод усыг уудаггүй. Түүний үндэс нь усыг өөртөө шингээдэг. Тиймээс модыг бага багаар шингээж услах хэрэгтэй. Мод тарьчихаад эхний үед нэг модыг долоо хоногт 80-100 литр усаар услахад хангалттай. Шинээр суулгасан том суулгацанд нүхний хэмжээнээс хамаарч 200 л усыг шингээх замаар услах хэрэгтэй. Аажмаар хөрс чийгээр хангагдах учраас цаашид түүнийг их хэмжээгээр услаад байх шаардлагагүй. 8-р сараас нэг удаагийн усалгааны хэмжээг ихэсгэж, услагаа хийх хоорондох хугацааг тухайн жилийн цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан тогтооно. 8-р сарын дунд арав хоногоос усалгааны тоог цөөрүүлсэнээр найлзуур моджих, шинэ нахиа бүрэлдэж бэлтгэл шим тэжээлийн бодис хуримтлуулах үйл явцыг дэмжинэ. Ингэснээр мод сөөгний хүйтэнд тэсвэрлэх чадвар сайжрах нөхцлийг хангадаг. Модыг ганхуулж, үндсийг нь тайван байлгадаггүй зүйл бол салхи. Мөн чийгийг нь алдагдуулж ядраадаг. Тиймээс том мод тарихдаа тулгуурыг зөв, сайн хийж өгөх шаардлагатай. Аль болох нөмөр газар тарих нь зүйтэй. Шинэ технологийн эринд ирсэн байгаа өнөө үед модыг услахаас гадна янз бүрийн бордоо хэрэглэн арчилж болно.
Ямар модыг сонгох вэ?
Нийтийн эзэмшлийн ногоон байгууламж болох цэцэрлэгт хүрээлэн /парк/, цэцэрлэг /сад/, гудамжны цэцэрлэг /бульвар/, цувраа цэцэрлэг /аллей/ болон албан байгууллага, сургууль цэцэрлэг, эмнэлгийн орчинд аль болох чимэглэлийн шинжийг нь харгалзан стандартын 1-р зэргийн суулгацаар цэцэрлэгжүүлэлтийн ажлыг хийх нь зүйтэй. Чимэглэлийн шинжид ургамлын өндөр, иш, холтосны өнгө, цэцгийн өнгө, цэцэглэх хугацаа, цэцэглэлт үргэлжлэх хоног, үр жимсний өнгө, үнэр зэрэг үзүүлэлтийг авч үздэг. Өрхийн цэцэрлэгт жимс жимсгэний модыг нэмж сонгох нь зүйтэй.

